1982 онд МУИС-иас Политехникийн Дээд Сургууль (ПДС) бие даасан сургууль болоход нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш нарыг Философийн тэнхим, Түүхийн тэнхим, Улс төр эдийн засгийн тэнхмүүдийг 30 гаруй профессор багш, 3 туслах ажилтантайгаар байгуулж байсан нь өнөөдрийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тулгын чулуу тавигдсан үе юм. ШУТИС-ийн түүхэнд явагдсан зохион байгуулалтын бүтцийн шинэчлэлтийн хүрээнд манай сургууль нь 2000 онд Хүмүүнлэгийн сургууль, 2009 онд Нийгмийн технологийн сургууль, 2014 онд Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, 2025 оноос Нийгэм, хүмүүнлэгийн сургууль болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм. Нийгэм хүмүүнлэгийн сургууль нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ бүхий, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн Аялал жуулчлал, Сэтгэл судлал, Нийгмийн ажил, Олон нийттэй харилцах ажил мэргэжлүүдээр бакалавр, магистрын түвшинд, Соёл судлал, Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи мэргэжлүүдээр магистрын түвшинд, Нийгмийн ажил, Соёл судлал мэргэжлүүдээр докторын түвшний сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг эрхлэн явуулж байна. Манай эрдмийн хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд төгсөгчид эх орныхоо нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн олон салбарт амжилттай, нэр хүндтэй ажиллаж байна. ШУТИС нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд их сургуулийн шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн хэмжээнд гадаадын 180 гаруй их дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажилладаг. Оюутнуудад орчин үеийн дээд боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа олж, амьдралын зорилгоо биелүүлэхэд нь туслах зорилгоор сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг нэгтгэх замаар сургалтын чанарыг сайжруулж олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай мэргэжилтнүүд, судлаачдыг бэлтгэх нь тус сургуулийн эрдмийн хамт олны гол зорилго юм.
Эрдмийн үйлс тань өөдрөг байх болтугай.
Доктор(Ph.D) дэд профессор А.Энхбат