Сургуулийн танилцуулга

Манай сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн ажил, аялал жуулчлал, сэтгэл судлал, олон нийтийн харилцаа, соёл судлал, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи, орон судлал мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхлэн явуулдаг хагас зуун жилийн түүхэн замналтай сургалт, судалгааны байгууллага юм.

Төгсөгчид нь эх орныхоо нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ бүхий олон салбарт амжилттай, нэр хүндтэй ажиллаж байгаа нь манай эрдмийн хамт олны тасралтгүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн хэмээн үзэж болно. Манай сургуулийн хөтөлбөрүүд нь олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар / ACBSP / аялал жуулчлалын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн, сэтгэл судлал, нийгмийн ажил хөтөлбөрүүдийг БМИҮЗ-өөр дотоодод магадлан итгэмжлүүлж сургалтын чанар, чансааг баталгаажуулсан байна. Эдгээр мэргэжлээр сурагчдад орчин үеийн өндөр боловсрол эзэмших, нийгэмд байр сууриа олж, амьдралынхаа зорилгыг хэрэгжүүлэхэд нь туслах, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх явдал нь манай сургуулийн эрдмийн хамт олны гол зорилго юм.