“НИЙГМИЙН ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ” ҮНДЭСНИЙ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ganbii
ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбараас санаачлан “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус форумын зорилго нь нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Форумын үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа салбарын бүх ажилтан, албан хаагчид, удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн 80 гаруй байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцож, үндсэн болон дөрвөн салбар хуралдааны илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг гэсэн зохион байгуулалттайгаар явагдлаа.
         “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумыг ШУТИС-ийн захирал, (доктор (Ph.D), профессор Т.Намнан үг хэлж, хурлын ач холбогдлыг үнэлж, цаашдаа хамтран ажиллах саналуудыг ажил хэрэг болгоход удирдлагын зүгээс дэмжиж ажиллана гэж мэдэгдлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг төлөөлж Дэд сайд С.Зулпхар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, салбарын бүх шатны албан хаагчид, судлаачдтай төрийн бодлого, холбогдох хөтөлбөр, үйл ажиллгааны талаар асуултал хариулж, санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсон.
         Үндэсний форумын үеэр ШУТИС-н БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр (доктор, дэд профессор), “Нийгмийн инноваци ба нийгэм 5.0 бодлого”, МУИС-ийн ШУС-ийн профессор О.Мөнхбат (доктор, профессор), “Нийгмийн шинжлэх ухаанд энтерпрайз сэтгэлгээг хөгжүүлэх нь”, Э.Чулуунцэцэг. МУБИС-ийн НХУС-ийн багш, хууль зүйн магистр “Нийгмийн ба боловсролын инноваци” зэрэг сонирхолтой үндсэн илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.
           
Мөн “Нийгмийн инноваци, түншлэл” үндэсний форумын үдээс хойш болсон дөрвөн салбар хуралдаан бүрээс хамтын ажиллагааны саналууд гарч, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг боловсруулж, харьяалагдах шийдвэр гаргах байгууллагад уламжилахаар хэлэлцүүлэгээ дүгнэсэн ач холбогдолтой арга хэмжээ байсан. Тухайлбал,
Салбар хуралдаан 1: “Нийгмийн ажил-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлгээр дараах үр дүнд хүрсэн байна.
  • Нийгмийн ажлын боловсролын хөгжилд дэлхийн нийгмийн ажлын боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хөгжүүлэх
  • Монгол улсын хууль тогтоомжид Нийгмийн ажлын талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх
  • Салбарын нийгмийн ажлын талбарт мэргэжлийн нийгмийн ажилтнаар хангах ажлыг зохион байгуулах
  • Нийгмийн ажилтны мэргэжлийн зэрэглэл, цалин хангамжийг нэмэгдүүлэх
  • Нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг сайжруулах
  • Нийгмийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах зэрэг асуудлыг нэгтгэж зөвлөмжийг ХНХЯ-д уламжлахаар болов.
Салбар хуралдаан 2: “Төрийн удирдлага-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлгээр дараах үр дүнд хүрсэн байна.
  •  “Төрийн удирдлага” хөтөлбөрийн нэр, индекс дээр санал нэгдэж БШУЯ, ТАЗ зэрэг холбогдох байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх. Public administration нь Төрийн захиргаа, Public management нь Төрийн удирдлага гэж мэргэжлийн багш нар санал нэгдсэн.
  • “Төрийн удирдлага” мэргэжлийн профессор, багш нар мэргэжлийн сэтгүүлтэй, мэргэжлийн холбоотой болох санал гарсан. Мэргэжлийн сэтгүүлийн хувьд “Төрийн удирдлага” сэтгүүл Удирдлагын Академиас эрхлэн гаргадаг тул уг сэтгүүлд ЭШӨ хэвлүүлэхээр тогтсон. Мэргэжлийн багш нарын уулзалт дахин зохион байгуулж мэргэжлийн холбоо байгуулах болон хамтын ажиллагааны талаар сургууль бүр тодорхой шийдэлд хүрэхээр тохирсон.
  • Төрийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгчид төрийн албанд орж ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна. Энэ талаар мэдээллийг суралцагчдад хүргэж байхаар болов.
Салбар хуралдаан 3: “Олон нийттэй харилцах ажил-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлгээр дараах үр дүнд хүрсэн байна.
  • Хуралдааны үеэр ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат болон Нэмүүнбат ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бэгзсүрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан
  • цаашид “Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн дурын ажил зохион байгуулах, оюутнуудыг дадлагажигч ажилтнаар ажиллуулах, мэргэжлийн дадлага хийх нөхцлөөр хангахад хамтран ажиллахаар болов.
  • “Олон нийтийн харилцаа” мэргэжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, сайн туршлага, олон улсын хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болсон.
Салбар хуралдаан 4: “Байгууллагын сэтгэл судлал-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлгээр дараах үр дүнд хүрсэн байна.
  • Салбар хуралдаанаар байгууллагын сэтгэл судлалын онолын шинэ чиг хандлага, монгол ажилтны бүтээмжид нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлс, байгууллагад тулгамдаж байгаа асуудлыг сэтгэл зүйч хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судалгааны үр дүнг танилцуулж, харилцан туршлага солилцлоо.
  • Түүнчлэн “Байгууллагын сэтгэл судлал” хөтөлбөрийн оюутнуудын дадлага хийх боломж, төгсөгчдөд ажил олгох, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж, эхний саналуудыг ажил олгогч талууд хүлээн авч, хэрэгжүүлэхээр боллоо.
ШУТИС-ийн ректор Т.Намнан нээлтийн үг хэлэв.
Нэгдсэн хуралдааны оролцогчид
Салбар хуралдаан “Төрийн удирдлага-Хамтын ажиллагаа”
Салбар хуралдаан “Олон нийттэй харилцах ажил-Хамтын ажиллагаа”

Нэгдсэн хуралдааны панелистууд
Нэгдсэн хуралдааны үндсэн илтгэгч нар

Салбар хуралдаан “Байгууллагын сэтгэл судлал-Хамтын ажиллагаа”