ШУТИС-НХС болон Өвөрхангай аймгийн музей хамтран ажиллах гэрээ байгууллаа.
buhs

ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургууль, Өвөрхангай аймгийн музейтэй 2026 оны 03-р сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Тус гэрээний хүрээнд ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш, археологич, доктор С.Бат-Эрдэнэ, багш, археологич, доктор Д.Очирпүрэв нар Өвөрхангай аймгийн музейн дарга Д.Тогтох, эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ нартай уулзаж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Гэрээний гол зорилго нь:

    1. Өвөрхангай аймгийн нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа болон тус аймгийн нутагт хийгдэх археологийн авран хамгаалах судалгааны ажлуудад хамтран ажиллах, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнээр музейн сан хөмрөг, үзмэрийг баяжуулах, шинжлэх ухаан, танин мэдэхүйн эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгох, судалгааны үр дүнг хэвлэн нийтлэх, үзмэр эд өлгийн зүйлсийг сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэргээр хамтран ажиллана.

    2. Музейн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн олон талт судалгаа хийх зорилгоор  аймгийн нутагт явуулах археологийн судалгаануудад музейн талаас хамтран оролцож ажиллана.

Уулзалтын үеэр Түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан, судлаачдыг дадлагажуулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Энэхүү хамтын ажиллагаа нь Өвөрхангай аймгийн соёлын өвийг судлах, хамгаалах, олон нийтэд сурталчлах, музейн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.